Өгүүллэг: Сүнс
Шагжийн Ванчаарай
Ш.Ванчаарай
1932 оны долдугаар сард Завхан аймгийн Яруу суманд төржээ. 1959 онд
МУИС-ийн Анагаах ухааны факультетийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
Тавиад оноос уран зохиол бичиж эхлэн "Яруугийн хавар", "Хун", “Амьдрал",
"Гал улаан цэцэг", "Буурал хангайн даваа", "Сэтгэлд гийсэн гэгээ",
"Хүний мөс", "Нарны сургууль", "Шагнал шийтгэл", "Мичин жилийн хавар"
зэрэг тууж, өгүүллэг, роман, жүжгийн зохиол бичжээ.
Сүнс
Шөнө
дунд өнгөрч байлаа. Энэхүү эмнэлгиин "Сэхээн амьдруулах" тасгийн
нэгдүгээр өрөөнд эмнэлгийн өргөн орон дээр хиймэл амьсгалын аппарат
залгаастай аль хэзээний ухаангүй болсон нэгэн охин хэвтэх бөгөөд түүний
царай зүс цаас мэт цайж, хүүхэн хараа нь худгийн ус лугаа адил гүн хар
болоод хамар нь хавчийгаад тас хар хөмсөг нь улам ч тод болжээ. Харин
түүний намирсан урт үс нь орны урд руу унжих агаад гантиг шиг мөлчийсөн
хүйтэн духыг нь богинохон хуруутай жижигхэн гараараа илбэн байсан
сувилагч Туул их л доороос сүүрс алдан хиймэл амьсгалын аппаратын
хүчилтөрөгч өгч буй хошуувчны завсраар цэвэрхэн самбай даавуу сурмаг
гэгч оруулан түүний ам, хамрыг үе үе арчиж цэвэрлэн арга тасарсан
байдалтай зогсоно. Эдний тасгийнхан энэхүү арван зургаахан настай Сувдаа
охиныг бүтэн сар шахам асарч тойлохдоо "Торомгор" хэмээн өхөөрдөцгөөж
өвчнөөс нь ч болсон уу, угийн хүүхдэрхүү гэнэн хөөрхөн занд нь ч
автагдсан уу цөмөөрөө дотносон хайрладаг болжээ. Түүн дотроос сувилагч
Туул яагаад ч юм бэ түүнийг дэндүу хайрлахыг яана. Туул эхлээд эмч
нарынхаа хэлж ярьж байгаад нэг л итгэж чадахгүй байснаа сүүлдээ
Сувдаагийн өвчний ноц гэмийг мэдэрч юухнаар ч болов тус дэм болох гэсээр
түүнээс холдож чадахгүй нэгэн болсон юмсанж.
Туул
энэхүү уяхан сэтгэлдээ автан "Торомгорыгоо" асарч сувилсаар байгаад
огтоос хөдөлж чадахгүй удаан хэвтсэн хүний ташаан толгой, ууц нурууны
арьс хөрсийг гэмтээхгүй байх нэгэн арга олсон юмсанжээ. Энэ бол хонины
сүүлний тос шингээсэн хөвөн жинтүү юм. Өдөрт "Торомгорынхоо" доор
тавьсан энэхүү жинтүүг олонтаа эргүүлэн тойруулан, нус нулимсыг нь арчиж
цэвэрлээд, хэвтэрт удсан зовлонг огт эдлүүлэхгүй санаатай жижиг сияан
саванд юу л гарна ганцаараа асгаж, гялалзтал угааж арчин санаа сэтгэл нь
бага боловч амарна. Сүүлийн үеэс Сувдаагийн булчингийн саажилт улам бүр
газар авч амьсгаа нь бачууран, зүрх нь зогсчих гээд байдаг болсноос
хойш Туул бүр ч сэтгэл зовнин дэргэдээс нь холдож чадахгүй болов.
Тэгэхэд Сувдаа "Эгч ээ! Би эдгэж босчихоод тан шиг сувилагч болно.
Бурхан минь намайг өршөөж хайрла! Би олон хүнд Туул эгч шигээ тус болж
чадна шүү, Бурхан гуай" гэж амандаа ахин дахин үглэж савх шиг нарийхан
хуруутай чөргөр гараараа залбиран духандаа хүргээд "бурхан намайг
өршөөнө тийм ээ, эгч ээ" гэхэд Туул толгой дохин түүнд дуулдахааргүй
гүнээ санаа алддаг байлаа. Ер нь ямар ч хүн эцсийн мөч нь тулаад ирэхээр
дотоод хүчтэй сэрлээсээ болдог ч юмуу, өвчний ад гэмээр нэгэн иймэрхүү
хүсэл мөрөөдөлд автдагийг сайн мэдэх Туулд энэхэн зуур орох байх газар
олдохгүй болдог байв. Харин Сувдаа сүүлийн хэд хоног хөдөөнөөс ирэх
ёстой ээжээ асуухаа болиод бурхнаас өршөөл гуйх нь цөөрөн өрөөний адрыг
ширтэн дуу шуугүй хэвтэх нь их болжээ. Түүний ухаан дэн дун болж буйг
хар зөнгөөрөө мэдсэн Туул яагаад ч юм бэ миний жижүүртэй үед "Торомгор"
минь бурхан болоосой хэмээн үнэн сэтгэлээсээ бодох болжээ. Энэ бол түүнд
эцсийн удаа туслах гэсэн нэгэн хүсэл байлаа. Туул Сувдаагийн цусны
даралтыг нэгэнтээ үзэж, хурууныхаа өндгөөр хичнээн даравч судасны нь
лугшилт баригдсангүй. Туул иймэрхүү үед тэгтлээ их сандардаггүй атал энэ
удаа сандчаад явчихав. Нэг мэдэхнээ жижүүрийн эмчийг дагуулаад ирчихсэн
байлаа.
Эмч залуу зүрхний ажиллагааг хянаж буй аппаратын зүүг хөдлөхгүй болсныг харангуут мэдээд зүрхийг удтал чагнаснаа,
-Зүрх нь
ажиллахгүй болчихжээ. Аппаратаа салга гэж хэлчихээд явчихав. Туул
эмчийг гарсны дараа хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй, түүний
хөрчихсөн духыг илбэн арга тасран хэсэг байв. Орны тушаах ханын бүдэг
гэрэл охины хөшиж хөдөлгөөнгүй болсон нүүрийг гийгүүлнэ.
Туул бүх
юм өнгөрснийг мэдэж байсан ч хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй
байлаа. Тэгсээр үүр гэгээрсэн хойно ядарч туйлдсан Туул аппаратын
хошуувчийг чичирч салганасан гараараа аваад, хөнжлийн даавуугаар охины
нүүрийг эвтэйхэн бүтээж юунд ч юм хоргодосхийн том цонхны янз модыг
түшин ганцаараа хэсэг зогсож тэнгэрийн хаяа ширтвээс дорноос алтан
шаргал туяа татаж, эднийхний хайрыг булаасан гэнэн хонгорхон охины
цогцсыг жигтэйхэн тод гийгүүлэв. Тэрбээр хар дарсан зүүднээсээ салж
чадахгүй байгаа мэт болоод охиныг дэндүү хайрлаж өрөвдөж байлаа. Туулд
ийнхүү эцсийн амьсгалаа хураах нь нэг бодоход зүүд шиг ч... нөгөөтэйгүүр
хорвоогийн мөнхийн ганц үнэн шиг. Тэгснээ "сүнс байдаг бол Сувдаагийн
сүнс надад ирээсэй! Сувдаа шиг сайхан охинтой болох юмсан" гэх жигтэй
бодол толгойд нь зурсхийх агшинд хэвлий рүү нь нэгэн зөөлөн увидас совин
ч гэмээр ер бусын юм ороод ирэх шиг болж, хэвлий дэх таван сартай
хүүхэд нь зөөлөн зөөлнөөр хөдлөх шиг болох нь тэр.
Zindaa.mn-Чөлөөт мэдээллийн портал
Өгүүллэг: Үнэгүй хайр
Их хотын
хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ өглөө айлчлан ирлээ. Том эгч
ажилдаа яарч, ах, бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав өглөөний
цайгаа уун ажлын шинэ өдрийг угтаж, харин би хөтөвчин дээрээ суун
томчуудын яаран сандралдаж, инээд хүрэм гүйлдэхийг нь ажиглан сууна. Энэ
дунд нэг хүнийг мартаж болохгүй. Тэр хүн бол тогооч, зарц, үйлчлэгч,
үсчин, гоо сайханч, нарийн бичиг энэ бүх ажлыг нэгэн дор хослуулан хийх
шидтэй ээж билээ....
Том
эгчийн ажилдаа өмсөх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж өгнө. Бага
эгчийн үс гэзгийг ороож маяглахад нь туслана. Бүх гэрийнхний өглөөний
цайг хэдийнэ бэлдээд тавьчихсан байна. Тэгээд аав аанай хөлд ороогүй
мөлхөө над шиг ээжээр хувцаслуулна. Ажлын бичиг баримт хавтсаа
мартчихсан, гээчихсэнийг ээж л олж гаргаж ирнэ. Гэтэл тэндээс ах угаасан
хувцас, оймсоо нэхэн хашгирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ. Нөгөө
өрөөнөөс бага эгч индүүдсэн өмдөө асууна. Мөнөөхөн л ээж түүнийг нь
хэзээ ч юм индүүдээд бэлдчихсэн байснаа авчирч өгнө. Хачирхалтай нь
нэргүй энэ их ажлын хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн
инээмсэглэхгүй. Бүгд л их л чухал царай эсгэн хөмсгөө зангидан яарч
байснаа хаалга тас хийтэл хаан гарч одно. Араас нь ээж “Цайгаа уугаач,
дулаан хувцаслаач, ороолтоо ав, малгайгаа мартлаа” гэж хашгирна.
Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа араас нь гүйж гарна. Ингээд нэг юм
өглөөний бужигнаан дуусч ээж минь дараагийн ажилдаа орно. Ээжийн хийх
ажилд эцэс төгсгөл гэж үгүй. Хөтөвчин дээр сууж залхсан би часхийтэл
хашгиран ээжийг дуудна. Намайг хооллоно, арчиж цэвэрлэнэ, эрхлүүлнэ
гэсээр ээжийн минь үнэт цагаас нэлээн хэсэг явчихна. Үдийн цайгаа аав
гэртээ ирж уудаг учир түүнээс өмнө гэр орноо аялуулна, цай унд бэлдэнэ,
угааж цэвэрлэнэ, бас хүнс цуглуулна.
Ээж минь
баадуутай юм шиг нүдний минь өмнө борви бохисхийхгүй ажиллана. Харж
суусан би өмдөндөө хүндэрч хөнгөрөхгүйг хичээн харж сууна, өөрийгөө
зугаацуулна. Ядахад цэвэрлэсэн эмхэлсэнийг нь би нураах дуртай. Тэгж
тэгж би ядраад унтчихна. Сэрээд хармагц ээж бас ажилласаар. Үдийн цай
сэтгэл гарган бэлдээд аавыг хүлээсэн авч утсаар залгаад “Ажилтай” гэж
мундагдсан учир ээжийн минь хийсэн цай ширээн дээр эзнээ хүлээн хөрнө.
Ээж урамгүйхэн цонхоор нэг харна. Аав ирэхгүй ээ гэж би хэлмээр байвч
даанч хэлд арайхан ороогүй учир дэмий дотроо бодохоос цаашгүй. Ээж бол
миний хувьд бүхий л хорвоо ертөнц. Намайг ангир уургаараа амлуулж,
халуун энгэртээ тэврэн бүүвэйлж, энхрийлэн хайрладаг хүн бол ээж.
Ээжийнхээ зөөлөн гар, уянгалаг хоолойгоор би ертөнцийг таньж эхэлсээр.
Гэвч бид хоёрын хамт байх цаг орой болоход дуусгавар болж, ээжийн эцэс
төгсгөлгүй ажил туйлдаа хүрнэ. Ажил тарах цагаар баахан ууртай, өлсгөлөн
хүмүүс орж ирэн идэж ууцгаана. Зарим нь голно шилнэ, зарим нь ирэхгүй
оройтно. Ээж минь хоол цайгаа халаан хүлээсээр. Өнөөдөр л гэхэд ахыг
ирэхийг хүлээгээд цонхоор нүдээ ширгэтэл харуулдан байна. Би бушуухан
хөтөвчнөөсөө босч алхдаг болоод ахыг ухаартал хэлж, болохгүй бол
загнахсан гэж хүснэ. Даанч би дэндүү балчир, дэмий л ээжийгээ өрөвдөн
харж сууна. Ядаж ханьтай сууя гэтэл нойрны ертөнц намайг дийлээд нэг
мэдэхэд унтчихсан байна.
Ингээд
нүдээ нээхэд бас л нэг өглөө. Ээж минь зовхи нь сэлхрээд ахыг үүр шөнөөр
ирэн иртэл хүлээж нойр муутай хоноод бүгдээс эрт боссон нь илэрхий.
Гэвч намайг бодвол хэлж ярьж чадах томчуудын хэн нь ч анзаарсангүй.
Ядахдаа санаа тавин биеийг нь асууж, ядахнаа хийсэн бүхнийх нь хариуд
баярлалаа гэж ганц хэлчих хүн байсангүй. Нэг л их завгүй хүмүүс тус
тусын хэрэгтээ яаран ээжийг минь үнэгүй зарцын дайтай ч үзэхгүй,
талархах нь үгүй гэхэд ойлгох ч үгүйд миний уур хүрнэ. Бас л нэг өглөө
урьдын адил ард үлдлээ. Гэхдээ бүх зүйл дандаа ийм байхгүй. Ядаж би
өдрөөс өдөрт өсч торниж байгаа нь нэг өөрчлөлт. Би хэлд ороод хамгийн
түрүүнд ээж тандаа баярлалаа гэж хэлнэ дээ. Бодлыг минь таасан юм шиг
ээж намайг тэврэн өргөөд энхрийлэн үнслээ. “Миний зулзага л надад хань
болох юм даа” ээж санаа алдана. Би сэтгэл дотроо “Ээжээ би танд хайртай.
Аминаасаа таслан төрүүлээд миний л төлөө амьдарч, бие сэтгэлээ харамгүй
өгдөг тандаа баярлалаа” гэж хашгирна. Ээж минь чихээрээ биш ч
сэтгэлээрээ сонсон мэдрэх шиг намайг улам дотноор тэврэхэд халуун илч нь
биеийг нь төөнөх мэт. Энэ хорвоод хамгийн түрүүнд мэдэрдэг, насан
туршид үл хувирах хамгийн үнэнч, хамгийн агуу хайр эхийн хайр. Үнэгүй
авчихаад төлж дуусдаггүй асар их өртэй хүмүүс билээ бид. Ээжээ, хүү нь
хурдан том болноо. Тэгээд тэр нэгэн үгийг тандаа заавал хэлнэ.
“Баярлалаа.”
Зохиогч Т.Хонгорзул
Эх сурвалж: http://expo.zindaa.mn/z53
0 Сэтгэгдэл үлдээнэ үү...:
Post a Comment