RSS

Монголын их хатад


№1 Далай их хаадын элбэрэлт эх Бөртэ Үжин

Бөртэ, Хонгирод аймгийн Дай сэцэний гэрт 1161 онд төржээ. Түүний эхийг Цотан гэдэг байжээ. Ер нь Хонгирад аймгийн эмэггэйчүүд их удам угсаа сайтай, маш их эрдэм ухаантай төдийгүй оюун ухаанаараа манлайлагч шалгарсан эмэгтэйчүүд байжээ. Энэ нь Хонгирад аймгийнхан эрдэм чадал, оюун ухаан, зөн авьяасаараа илүү өндөр төвшинд хүрсэн байсныг илэрхийлэх төдийгүй үр хүүхэд, хойч үеэ гэгээрүүлж сэхээрүүлэх тал дээр гойд анхаарч, ялангуяа охидоо багаас нь хатан ухаанд боловсруулж, хөгжүүлдэг байсантай холбоотой ажээ. Есүхэй баатар 1170 онд Тэмүжинг 9 настай байхад, Өэлүн эхийн төрхөм

Олхонуд аймгийн нагац нараас бэр гуйх гэж явах зуураа, Цэгцэр Чихургугийн талд Дай сэцэнтэй уулзсан байна. Дай цэцэн "Есүхэй ээ, хаана очихоор явж гэж асуугаад, хүүдээ бэр гуйхаар явж байгааг нь мэдээд: "Энэ хүү чинь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү байна. Би энэ шөнө нэг зүүдэлсэн. Цагаан шонхор шувуу наран, саран хоёрыг атган нисэж ирээд, няний гар дээр суув. Наран, саран хоёрыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл наран. саран хоёрыг шонхор атгаж ирээд миний гар дээр суухыг зүүдэндээ үзлээ. Ямар сайхан баяр тохиох болдоо гэж би бусаддаа хэлж билээ. Есүхэй чи хүүгээ дагуулж ирсэн нь миний зүүдний тайлал байжээ. Ямар сайхан зүүд вэ. Таны хиадын сүлд ирж, зүүд өгсөн аж. Манай Хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ, охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Манай гэрт очьё. Надад өчүүхэн охин буй үзтүгэй" гэж өгүүлээд, Есүхэй баатрыг гэртээ дагуулж иржээ.



Есүхэй баатар охиныг үзвээс сэтгэлд нь ихэд нийцсэн тул тэндээ хоноод маргааш нь охиныг гуйсанд, Дай цэцэн: "Олонтой гуйлгаж өгвөөс эрхэмлэгдцэг, цөөн гуйлгаж өгвөөс доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа нь төрсөн үүдэндээ өтлөхгүй тул охиноо өгсүгэй. Чи хүүгээ хүргэн болгохоор манайд үлдээ" гэв. Есүхэй баатар "Би хүүгээ танайд орхиё. Миний хүү нохойноос айдаг юм. Худ та, хүүг минь нохойноос бүү цочуул" гээд хөтөлгөө морио сүй бэлэг болгон өгч, ураг тогтоод, нутаг буцжээ. Тухайн үеийн ураг барилдах ёсонд ураг хэлэлцэж тоггсон хойно, эцэг нь хүүтээ охины гэрт бэлэг сэлтийн хамт хүргэж өгдөг байжээ. Есүхэй баатар эцэг нь зам зуураа татар аймагт хорлогдсон тул Тэмүжин бээр Дай цэцэнийд удсангүй гэртээ буцжээ. Үүнээс хойш Өүлэн эх тэргүүтэй өнчин өрөөсөн тэд нар аюул зовлон, гачигдалт амьдралд байсаар Бөртийг буулган авчрах зав тэнхээгүй хэдэн жилийг өнгөрүүлжээ. Энэ хооронд Тэмүжин хэд хэдэн аюулыг өнгөрүүлээд, Боорчи Сорхон Шар нарын дэмжлэгээр алдсан агтаа буцаан авчирч, атаат дайсан тайчуудын аюул хөнөөлөөс мултарч амь гараад, анд нөхдийн тусламж дэмжлэгийг ойлгон мэдэрч, өөрийн хүчинд итгэлтэй болсон байна.



1178 онд Тэмүжин 17 настайдаа урьд тогтоосон ургийн явдлаа гүйцэтгэж, дүү Бэлгүтэйг дагуулж, Дай сэцэнийд очихоор Хэрлэн мөрөн рүү явав. Дай цэцэн Тэмүжинг үзээд ихэд баярлаж: "Ах дүү тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний төлөө сэтгэл зовсоор, цөхрөхөд хүрсэн билээ. Одоо чамтай уулзсан болохоор охиноо өгье" гээд Бөртэ охиноо ураглан өгчээ. Дай сэцэн, эхнэр Цотангийн хамт харьд I мордсон охиноо хадмын гэрт хүргэж өгдөг ёсыг дагаж, охин хүргэн хоёрын хамт замд гарсан боловч замын дунд Дай цэцэн халуунд ядарлаа хэмээн I буцаж, харин Бөртийг эх Цотан нь Тэмүжиний гэрт хүргэж очоод, хоёр хүүхдийнхээ хуримын явдалыг гүйцэтгэж өгчээ. Бөртэ үжин төрхмөөсөө нилээд хэмжээний инж бэлэг сэлт авчирсан нь нөхрийнхөө тэнхрээгүй нилээд гачигдалтай амьдралтай үед нь үлэмж дэмжлэг болж, жаргал зовлонгоо хуваалцах халамжит хань нь болжээ. Тэмүжин энэ үед Цотан эхийн хуримын бэлэг гэж авчирсан хар булган дахыг авч, эцгийн эртний анд хэрэйд аймгийн Тоорил хантай уулзан өргөн барьж, харилцаагаа сэргээсэн байна.



Тэмүжин Бөртэг буулган авсны дараа жил Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт бууж нугаглан байтал нэгэн өдөр Тэмүжиний бяцхан хот хүрээнд мэргэдүүд довтлон, урьд Есүхэй баатар Их Чилэдүгээс Өэлүн эхийг булаан авсны өсийг нэхэхээр ирэхдээ Бөртэг булаан аваад, Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд өгчээ. Тэмүжин ийм тулгар бачим үед багын анд Жамуха, эцгийн анд асан Тоорил хан нараас дэмжлэг авч, тус тусын цэргийг авч тогтсон газар уулзаад, Буур хээрт ирж мэргэдүүдийг довтлон цохисонд, мэргэдүүд Сэлэнгэ мөрнийг уруудан зугтан буруулав. Тэмүжин дүрвэн явах хүмүүсийн дундуур "Бөртэ" хэмээн дуудан явахад, Бөртэ Тэмүжиний дууг таниад, тэрэгнээсээ буугаад гүйн ирж, тэврэлдэн золгосон байна. Түүний хойно Тэмүжин, Жамуха хоёр нэг жил хагас хамт суугаад, зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр хамтдаа нүүжээ. Тэр хоёр нүүдлийн өмнө явж байхад Жамуха: "Тэмүжин андаа ууланд шахаж бууя, адуучинд гэр болтугай. Голд шахаж бууя, хоньчинд хоол болтугай" гэж хэлэхэд, түүний үгийн далд утгыг ойлгож ядсан Чингис эхээс асуухад, Бөртэ түрүүлэн тайлж: "Жамуха анд амархан уйддаг зантай билээ. Одоо биднээс хагацах цаг нь болжээ.Бид бүү бууя. Энэ хөдөлснөөрөө шөнө туж явж, шулуухан салья" гэснийг Тэмүжин зөвшөөрөн ёсоор болжээ. Тэгээд явсаар гэгээ орох үед үзвэл жалайр, дархад, чаншиуд, баяуд, барулас, мангуд зэрэг аймаг угсааны олон улс Жамухаас салж, түүнийг дагаж ирсэн байжээ. Урваа хөрвөмтгий хүнтэй эвлүүлж аргацааж, найзлаж нөхөрлөснөөс эртхэн шиг салж, хувиа хөөх нь дээр гэж Бөртэ үжин зөвлөсөн нь оновчтой болсныг хожмын хэрэг явдал харуулсан байна. Ийнхүү Тэмүжинтэй ил, далд өрсөлдсөн хүмүүсийг Бөртэ соргог мэдэж, тухай бүр эр нөхөртөө сануулж байжээ.Тэмүжиний хүч энэ үеэс ихэд зузааран, 1189 онд Хамаг Монгол улсын өргөмжлөгдсөн байна.



Бөртэ үжин Чингис хааны гэр бүлийн дотоод эв нэгдлийгюунаас ч илүү эрхэмлэн байсан бөгөөд түүний уужуу тайван байдал нь түүний нэг шилдэг чанар байв. Үнэхээр ч олон удаа Бөртэ хатан Чингис хааны умартсаныг сэргээж хайхраагүйг сануулж байв. 1206 онд Чингис их Монгол улсын хаан болмогцоо,улсыг байгуулахад үнэнчээр зүтгэсэн хүмүүсээ сайшаан шагнахдаа ганц хүлэг баатар Боорчийн гавьяаг дурьдалгүй өнгөрчээ. Хэдийгээр энэ нь Чингис хааны нэгэн далдын бодлого байсан ч Бөртэ үжин: Бэрхдэж явах цагт чинь бэлнээ учирч сайтар нөхцөн, бэрх үйлийг өгөөд, бие амиа эс хайрласан Боорчи биш билүү" хэмээн сануулан хэлж байжээ. 1210 онд Хонхотаны Мэнлиг эцгийн долоон хөвгүүний дундах Хөхөчү бөөгийн нөлөө ихэд нэмэгдэн, улмаар хааны садан төрөлд аймшиггүй халдан, эд хөрөнгө, албат иргэдээс нь шууд авч, дайран басамжлах болжээ. Тухайлбал, Тэв тэнгэр бөө тэргүүлэн дүү нарын хамт Хасарыг барьж аваад элбэж зоджээ. Хасар үүнийгээ Чингис хаанд сонсгоход, Чингис хаан өөр бусад хэрэгт хилэгнэж байсан тул Хасарыг загнаж: "Амьтанд дийлдэггүй хүн гэдэг биш билүү чи. Яагаад дийлдэв" гэхэд Хасар гомдоод, гарч явжээ.



Түүний дараа Чингис хааны дүү Тэмүгэ Отчигин албатаасаа бөөд булаалган, дээрээс нь басамжлан доромжлуулж, ахдээрээ мөн л гомдоллон хүрч ирэхэд, гайхаж тулгамдсан нөхөртөө Бөртэ хатан: "Хонхотан нар яасан хэцүү хүмүүс билээ. Урьд Хасарыг бүслэн жанчсан, одоо бас энэ Отчигинийг яагаад хойноосоо сөгдүүлэв. Энэ ямар ёс буй. Чамайг амьд сэрүүн байхад ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. Үүнээс хойш үүл мэт биеийг чинь үгүй болж орхивол, үлдсэн их улсыг чинь, үр хүүхдээр чинь мэдүүлэх үү. Дүү нараа ингэж дарлуулахыг үзсээр байгаад зүгээр өнгөрөх үү чи" хэмээн нулимс унагаан сэнхрүүлжээ. Хатныхаа энэ үгийг сонсоод Чингис хаан эрс шийдэж хэлсэн нь: "Хөхөчү одоо ирнэ. Өшөөгөө яаж авахаа чи өөрөө мэд" гэж Отчигинд хэлэхэд, тэрбээр гурван аварга хүчит бөхийг бэлтгэж, үүдний гадна зогсоожээ. Мэнлиг үнэхээр долоон хөвгүүнээ дагуулсаар орж ирэхэд, Отчигин ноён босч ирээд: "Өчигдөр чи намайг наминчлуулсан биш бил үү. Одоо хүчээ үзэлцье" гээд Тэв тэнгэрийн дээлний захаас чангааж, гэрээс чирч гаргахад, урьд бэлтгэсэн гурван бөх угтаж, Хөхөчүгийн нурууг хугалаад, нугаслан алав.



Үүнээс хойш Хонхотаны хөвгүүд номхорсон бөгөөд бусад буруу санаатан ч, ёс бусаар аашлахгүй болжээ. Тэр үед бөө мөргөл нь Чингис хааны багтаасан бүх монголчуудын оюун санааг эзэгнэж байсан тул, Бөртэ хатан сануулаагүй бол Чингис хаан Тэв тэнгэрийн эсрэг шийдмэг алхам хийж чадахгүй байж болох байжээ. Ийнхүү Чингис хаан гадагшаа хийх аян дайныхаа өмнө дотоод дахь буруу санаа өвөрлөгч нарт цохилт өгч, их Монгол улсын төрийн жолоог бэхжүүлэн батжуулсан болой. Энэ явдалд улс төрийн алсын хараа бүхий Бөртэ үжин өөрийнхөө мэргэн оюун ухааныг дахин харуулсан юм. Бөртэ хатан ийнхүү Чингис хааны насан туршийн үнэнч хань, төрийн дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч нь байв. Чингис хаан ч хүүхдүүдцээ энэрэлт эхийнх нь ач гавьяаг үнэлэн сургаалийн үг айлтгадаг байв



.Бөртэ хатнаас Зүчи, Цагадай, Өгэдэй, Тулуй зэрэг монголын түүхэнд адлар цуугаа мандуулсан дөрвөн хөвүүн Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн,Толой нэрт зургаан охин төрсөн нь хожим торгоны замын дагуух улс орныг захирсан түүхтэй. Бөртэ хатан өөрийн охидоо хатан ухаанд үнэхээр гаргуун сайн сургаж, боловсруулсан байна. Энэ нь хожим Чингис хааны охидын торгоны зам хэмээх дэлхийн худалдааны сүлжээний дагуух зангилаа төв болсон харийн улсуудыг амжилттай захиран, эцгийнхээ бат найдвартай түшиг тулгуур болж, ар талыг сэргийлэн манаж байсан гайхамшигт түүхээс тодорхой харагддаг. Их хатан Бөртэ татарын эзэмшилд байсан Хэрлэн голын ихэнх газар нутгийг эзэмшиж, ордоо Хөдөө арал ;дээрх урьдын жүрхэн овгийн нутагт байгуулжээ. Бөртэг нас барсны дараа 1265 он буюу Хубилай хааны хоёрдугаар онд "Богдын түшээ, гэгээн ивээлт хатаб" гэдэг эрхэм цолыг эмэг эхдээ нэхэмжлэн өргөмжилсөн түүхтэй ажгуу. Бөртийн амьдралын замнал хадам эхийнхтэйгээ төстэй эхэлсэн боловч төөрөг нь илүү зохиролтой эргэжээ. Чухамдаа чадалтай, ухаантай гун хувь заяандаа захирагдалгүй, өөрөө түүнийгээ удирдан залдаг билээ. Бөртэ тийм хүмүүсийн нэг байсан тул адармаатай сод хүн болох Чингис хааны насан туршийн хань, дотно зөвлөгч нь байж, өөр хүнд бол таагүйгээр эргэж мэдэх учралыг ч сөрөн давж чаджээ.
№ 3 Эзэнт гүрнийг эмхлэн мэдэгч их хатан Дөргөнэ

Дөргөнэ хатан бол Өгөөдэй хааны зургадуур хатан болно.Найман аймгийн хүн. Иймээс бас Найманжин хатан гэж нэрлэдэг. Мэргэд аймгийн Тогтоа Бэхийн ахмад хөвгүүн Худугийн хатан байв. 1204 оны намар Чингис хаан Мэргэд аймгийг мөхөөх үед Дөргөнийг баривчлан авч Өгөөдэйд хатан болгон өгсөн билээ. Дөргөнэ нь хатан болоод Өгээдэй хаанд Гүег,Годан, Хүлгэн ,Хүчү Хадаан хэмээх таван хөвгүүн төрүүлж өгчээ. 1236 онд Гүег Монгол хаант улсын 3-р үеийн их хаанаар өргөмжлөгдсөн явдал бол түүний эх Дөргөнэ хатантай шууд холбоотой юм. 1241 онд Өгөөдэй хааныг нас нөгчсөний дараа түүний хайрт хатан Мүгэ уламжлал ёсоор түр төрийг засаж байв. Гэвч Дөргөнэ хатан бол Мүгэ хатнаас нэн сэргэлэн бөгөөд Өгөөдэй хааны ахмад хөвгүүнийх нь эх нь болох тул Өгөөдэй хааныг нас нөгчмөгц сэмээр дөрвөн зүг найман зовхист элч томилж өртөө дамжуулан явуулаад Өгөөдэй хааны ах дүү ба ач нар, жич сайд түшмэд, ихэс ноёдод гашуудлын мэдээ тунхаглаж бас шинэ хааныг сонгон тогтоохоос өмнө нэг хүн албан ёсоор төрийг захирч, цэрэг засгийг хамааран, хууль цаазыг чангатгаж, ард иргэдийг амаржуулвал зохино гэж хэлж явуулав. Тийнхүү Өгөөдэй хааны ах Цагаадай хийгээд бусад сайд түшмэд цөм хариу элч томилж "Дөргөнэ хатан бол Өгөөдэй хааны ахмад хөвгүүний эх болсон учраас их хуралдаан хийж шинэ хааныг сонсгохоос өмнө албан ёсоор төрийг захирвал зохино" гэж тус тус хэлж явуулсан байна. Дөргөнэ хатан арга ухаан, авьяас билэг хосолсон хүн болохоор олон ноёд түшмэдийн зөвшөөрлийг олсон иймэрхүү байдалд өөрийн байр сууриа улам бататгаж эхэлжээ. Яг энэ үед Мүгэ хатан бас аз бусаар Өгөөдэй хааны хойноос тэнгэрт хальсан байна. Дөргөнэ хатан энэхүү цаг тохиолыг ашиглан төрийн эрхийг ганцаар эзэмшиж, ордны дотоод гадаадын олонхи ноёдын байр суурийг хамгаалах ба тэдэнд бэлэг сэлт хүргэх зэрэг аргаар Өгөөдэй хааны төрөл садан хийгээд сайд түшмэд жич цэргийн ноёдыг цөм татаж аваад өөрийн биедээ үйлчлүүлэх болжээ. Гэвч Өгөөдэй хааныг амьд сэрүүн байхад Дөргөнэ хатан ордны доторх хэдэн сайд түшмэдтэй өшөө хорсол зангидсан бөгөөд тэр нь цаашлах тутам нэмэгдсээр байв. Иймээс төрийн эрхийг атгаж, байр сууриа бататгамагц тэдгээр хүмүүсээс өшөө хорсолоо авахыг бодсон байна. Түүнчлэн юуны өмнө Жүндө балгасанд элч томилон хятад иргэний бүх хэргийг ерөнхийлөн хамаарч байсан баруун газрын хүн Ялавачийг барьж авчруулахаар явуулав. Дөргөнэ хатны элчийг Хятадын Жүндө балгасанд хүрмэгц Ялавач тэднийг халуунаар угтан авч гурван өдөр, гурван шөнө архи дарс уулган туйлаар хүндэтгэн дайлжээ. Энэ завсар тэр яаруу сандруу морь унаа хоол хүнс зэрэг замын хэрэглээгээ төхөөрч аваад шөнө дөлөөр сэмээр хэдэн морьтныг дагуулж Өгөөдэй хааны 3-р хөвгүүн Хүдэний дэргэд дутаан очив. Түүний дараа Дөргөнэ хатан бас Өгөөдэй хааны баруун гарын Чинсан бөгөөд их бичигч байсан Хингайг барьж авахаар төлөвлөж байв. Гэвч Хингай бол маш сүрхий хүн байсан тул урьдчилан сэрж мэдээд Дөргөнө хатны гар хөдлөхөөс өмнө мөн доорх хүмүүсээ дагуулж, Хүдэний дэргэд дутаан явсан байна. Энэ 2 хүн Хүдэний дэргэд дутаан хүрээд амь аврахыг гуйсанд Хүдэн тэднийг "хэдэн үеийн гавъяатан сайд" гэж өрөвдөн үлдээж авсан байжээ. Тэр үед Дөргөнэ хатан Ялавач Хингай хоёрыг баривчлан авчруулахаар элч томилон явуулсанд Хүдэн: Болжмор шувуу харцагаас айж бутны ёроолд шургавал бут түүнийг хамгаалж авдаг билээ. Энэ хоёр хүн миний дэргэд амь хэлтрэхээр ирсэн тул би хэрвээ өгч явуулахад хүрвэл бүх Чингис хааны өршөөлт засагт (лугаа) нийцэхгүй явдал болно. Иймээс энэ хоёр хүн хэдий их ял гэмтэй болсон ч удахгүй болох гэж байгаа алтан ургийн их хуралдаан дээр олноороо зөвлөж байгаад шийтгэвэл зохино гэж хэлж явуулав. Сүүлээр нь Дөргөнэ хатан бас хэдэн удаа элч томилон явуулсан боловч Хүдэн мөн адил шалтгаанаар буцаасан байжээ. Ялавач Хингай хоёрыг буцаан авчирч чадахгүй болсныг мэдээд Дөргөнэ хатан, Өгөөдэй хааны их түшмэл байсан Имад Мухамед гэдэг хүнд худал өчиг зохиож өгөөд Ялавач Хингай хоёрыг хорлох гэв. Гэвч Имад Мухамед иймэрхүү бузар булай хилс хүчир хэргийг үйлдэхээс эрс татгалзсан тул Дөргөнэ хатан түүнийг баривчлан аваад гянданд хорьжээ. Түүний хойно Бухар Самарзанд, Өргөнч, Отрар, Горотез Кашгар (одоогийн Иран улсад буй) зэрэг Туркестаны олон хот балгасыг захирч байсан Масхуд (Ялавачийн хөвгүүн) бас байдал муу болсныг мэдээд Батын дэргэд дутаан очиж биеэ далдлав. Дөргөнө хатан Ялавач Хингай Масхуд гурвыг барьж дийлсэнгүй тул Цагаадайн умбал, өөрөөр хэлбэл Цагаадай хан улсын хан хар Үлэхү хийгээд Цагаадайн сул хатан Хурбуга жич Аригун гурвыг Перст томилон явуулж тэндэх захирагч байсан Хочисыг баривчлан авчирч гянданд хорив. Тэгээд түүний оронд Аригуныг томилон явуулж Персийн захирагч болгосон байна. Дөргөнэ хатан ордны дотод гадаадын эрхийг ингэж гартаа оруулан авсны дараа төрийн эрхийг голдуу Фатима хатнаар хамааруулах боловч Фатима бол Персийн Тосходан (одоогийн Иран улст буй)-ы нэгэн лалийн сүмийн охин (чавганц) байсан юм. Монголын цэрэг олзлон аваад Хархорин хотноо авчирсанд тэр зах дээгүүр арилжаа наймаа хийж амьдардаг байжээ. Фатима бол маш заль мэхтэй хүүхэн болохоор Өгөөдэй хааны үеэс эхлээд Дөргөнэ хатантай зориуд ойртож, итгэл хүндийг нь олоод, төрийн түшмэдийг хорлон алж билээ. Өөрөөр хэлбэл Өгөөдэй хааныг нас нөгчсөний сүүлээр Дөргөнэ хатныг ашиглан Хингай, Ялавач, Масхуд, Хулчис зэрэг ихэс ноёдыг хорлоод төрийн эрхийг атгасан байжээ. Фатима төрийн эрхийг атгасны дараа юуны өмнө Хингай Ялавач зэрэг хүмүүсийг хамгаалж байсан Өгөөдэй хааны хөвгүүн Хүдэнд хортой эм уулгаж алав. Тийнхүү Хүдэн нас барахаасаа өмнө ах Гүегтээ элч томилж "Фатима намайг хорлов. Намайг үхсэний сүүлээр "өшөөг минь авч өгөгтүн" гэж хэлүүлжээ. Хүдэнийг үхсэнийг сонсоод Гүег туйлаар хилэгнэж эхийнхээ дэргэд хэдэн удаа элч томилон илгээж Фатимаг авчруулах гэсэн боловч Дөргөнэ хатан цөм "би өөрөө дагуулан аваачиж өгье" гэж хариулаад өгч явуулахгүй байв. Үүний улмаас төр самуурч эхэлсэн тул Дөргөнэ хатан, хаан суурин удаан өдөр хоосон байхад хүрвэл самуурал дэгдэж магадгүй гэж бодоод 4 зүг 8 зовхист элч илгээн довтолгож Чингис хааны алтан ураг хийгээд олон газрын ноёд түшмэдийг Далан даваанд хүрэлцэн ирж их хааныг сонгох хуралдаанд оролцогтун" гэж зарлав. 1246 оны хавар Дөргөнэ хатны жолоодлогон дор Монгол хаант улсын 3-р үеийн их хааныг сонгох их хуралдай эхлэв. Урьд Өгөөдэй хаан 4-р хөвгүүн Хүчүгээрээ их суурийг залгамжлуулахаар зэхэж байсан юм. Гэвч түүний хүү Хүчү 1236 онд завшаан бусаар өмнөд Сүн улстай байлдаж байгаад нас барсан байжээ. Хүчүг нас барсны дараа Өгөөдэй хаан түүний ахмад хөвгүүн Мөнх хоёрыг дотночлон хайрлаж ордон дотроо асран хүмүүжүүлээд их ороо (хааны суудлыг) залгамжлуулахыг зорьж байсан юм. Ширмэн хэдийгээр түүний өвгийн заншил ёсоор их сууриныг залгамжлах хүн байсан ч харин засаг барьж байсан Дөргөнэ хатны санаанд Гүегийг өргөмжлөх гэсэн ба мөн Ширмэн хараахан нас бага байсны учир олноороо Гүегийг их сууринд дэвшүүлсэн байжээ. Гүег хаан их орыг залгамжилмагц юуны өмнө Фатимаг баривчлан авч гав гинж зүүлгээд гянданд хорив. Тэгээд доорх хүмүүстээ тушаал өгч шүүлгээд өчгийг нь тогтоож, ялыг нь тодлон өмсгөсөн хувцасыг нь тайчиж, дээд доод сүвийг нь оёод, эсгийнд боож, голд хаяад усанд цацаан алав. Энэхүү чимээг Дөргөнэ хатан олж сонсоод туйлаар хилэгнэж Гүегт дургүйцсээр их удсангүй нас баржээ. Дөргөнэ хатан түр төрийг засаж байсан үеийн байдлыг Юань улсын шашдирт "Ард түмний хүч тэнхээ барагдаж аж төрөхийн аргагүй болов. Төрийн хууль самуурч, ёс дэглэм сулраад ардын сэтгэлийг алдав. Өгөөдэй хааны үеийн өршөөл засаг үгүй болж замхрав" гэж тэмдэглэжээ. Мөн нөгөөтэйгүүр Гүегийг Хаан ширээнд залсан их гавьяатай хүн хэмээн түүхэнд бичжээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл үлдээнэ үү...:

Post a Comment