Р.Чойном
БИ ЭХНЭР АВАХГҮЙ
Би эхнэр авахгүй
Би эхнэр авахгүй шүү авахгүй
Битгий намайг ятгаарай ээжий минь нөхөд минь охид минь
Би эхнэр авахгүй биеэ хайрлаж, амиа бодсондоо биш
Ичсэндээ би ингэж тунхаглаж байна
Эмэгтэй хүнд дургүйдээ биш дуртайдаа
Энхрий тэдэнд хайргүйдээ биш хайртайдаа
Энэ дэлхий дээр хөхнийхөө сүүгээр тэжээсэн ачтаныг
Эрх чөлөөтэй хүн шиг явагдаа гэсэндээ
Эхнэр авахгүй гэж энэ ширээн дээрээ
Эх нутаг дээрээсээ энгүй дэлхий ертөнц даяар андгайлж байна
Олон айлаар орж, гарч үзсэн би
Олон олон эхнэр нөхрийн орилоон, бархираан хараал, хэрүүл зодоон нүдээнийг
Орчин үед нүдээ өвдтөл чихээ хавдтал үзлээ
Хамаг судас нь гүрийж, халимаг үс нь босож
Хамар нь майхны ваадан шиг нармалзаж хашгирч, нулимж, дэвслэж
Харааж зүхэж, заналхийлж
Заамаа ярж, нударгаа зангидаж зандалчин дүрийг олсон зарим нөхдүүдийг
Харсан минь гай болж хаяа би хар даран зүүдлэх юм
Гэзэг үсээ сэгсийтэл дээш доошоо тонгочиж
Гэдэс хэвлийгээ гартал дээл палажаа цуучиж
Өлөгчин барийн нүд шиг
Өшөө хорсол хилэн бадарсан нүдээ
Мөс шиг цэхэлзүүлж мөс нь бас уур хилэнгийн галд хайлав уу гэмээр
Мөндөр бороо шиг нулимс асгаруулж
Үнгээд хаячихсан зураг шиг үрчийж ярвайсан нүүр дээгүүр нь
Үерийн ус шиг урссан өөрийнхөө нулимсанд үзмэр чамирхлынх нь будаг, оо Үнс, хөө, цус мэт
Холилдон урссан, арчаагүй бүсгүй хүнийг хоёр гурав биш
Хорь гучаар нь үзсэн хорины идэвхтэн авгай
Хойд урд хамар хашааны хүүхнүүд
Хол ойрын хамаатнаас нь өөр
Энэ хэргийг ойшоож эрх дархыг нь өмгөөлж
Эрс арга хэмжээ авах элэг зөөлөн хэн бий вэ
Аль нэгнийхээ мөчийг хугалаагүй бол
Адаглаад хамар чихийг нь хазаагүй бол
Албан ёсоор тэдний хэргийг авч хэлэлцэх үндэсгүй гэдэг
Үндэсийг нь хүлээсэн хүн үрэгдэж ч мэдэх
Үгүй бөгөөс үйлээ үзэж, үсээ халцалж
Гайгаар учирсан амраг зандалчны гарын дор амь зуух болдог
Энэ чинь амьдрал юм уу эрх чөлөө юм уу энх тайван 20-р зуун юм уу?
Эхнэр нөхөр хоёр гэдэг чинь муур хулгана гэсэн үг үү?
Муу янагласнаас сайн үнсээд өнгөр гэсэн үг байдаг
Муур хулганацахаан бид болих болоогүй юу?
Мунхаг харанхуйн зуршил, эхнэр нөхөр гэдэг
Мунхаг хар томъёог өөрчлөх болоогүй юм уу?
Аль эрт энэ тухай Равжаа хутагт шүүмжилсэн бус уу?
Ариун сэтгэл нинжин хайрын тухай амаа чилтэл ярьж, үзгээ элэгдтэл бичиж
Айл бүхэнд зуу зуугаараа оногдох ном кино, дуу шүлэг гаргасан байна
Аль вэ тэгтэл эхнэр гэж эдлүүлэх, зарцлуулах, хардуулах
Эрт баларын нөгөө л үйл хэвээрээ, эрээгээ барсан зарчим нь
Эрх сүрээ улам бататгахын дон тусаж
Өнөр өтгөн бүлтэй өрхийн тэргүүн гэгдэх юмсан гэж
Өөрийгөө гэрийн доторх хэмжээгүй эрхт Богдод
Өргөмжилж ичгүүргүй дуу хүртэл гаргасаар байна
Энэ бүгдээс ой гутаж эхнэр авахгүй гэж би андгайлж байна
Эхнэр авахгүй ээ харин энхрий сэтгэл нийлсэн хүний нэг үртэй
Эрх зориг чацуухан хамт амьдрах бодол байна
Дарлуулдаг эхнэр даралдаг нөхөр биш
Дархан мөнх амьдралын насан элээх шувууны далавч болж хоёулаа
Эн чацуухан дэвэх эцвэл хоёулаа эцэж
Эрэмшвэл хоёулаа эрэмшиж
Эгц дээшээ хоёулаа өндөр авч
Эсвэл хоёулаа унах жинхэнэ хань хэрэгтэй
Алдхан биеийг минь төрүүлсэн аятан ээж минь
Азай буурал тэргүүндээ сайн тогтоож ав
Хайраа өгсөн ханийг минь та хадмын нүдээр бүү хараарай
Хардаж авгайчуудын хов чивээр хаяа ч гэсэн улыг нь бүү шагайгаарай
Бэлдэх ёстой хоол цай хийж улиглах байтугай
Бэр гэдэг балрын нэрээр нэрлэхийг бид зөвшөөрөхгүй
Энэ гэрт би хувьсгал хийж байна
Эхнэр гэдэг дөнгийг хүний бүсгүй үрийн хүзүүнээс авч хаялаа
Ээж та хүү наддаа л ээж нь бай энхрийн ханьд минь
Ардчилсан бүгд найрамдах Улсын адилхан нэгэн иргэн бид
Амраг бүсгүйг авчрахын учир гэвэл
Амттай хоол хийлгэх гэсэн юм биш
Угаалга хийлгэж цэвэрлүүлэх гэсэн юм биш
Урагдсан хувцасаа оёуулах гэсэн юм биш
Улс амьтанд үзмэр болгож үзүүлэх гэсэн юм биш
Унтах орондоо өвөр дулаан байлгах гэсэн юм биш
Ажил бүтээл сурлагын аугаа хүчийг дэмжилцэн
Аугаа 20-р зуундаа ард иргэний үүргээ биелүүлж
Нэгэн биений тэнхэл үл хүрэх бүтээлд
Нэгдэж хоёулаа тэмцэх гэсэн юм
Энэ бол эхнэр биш эрх чөлөө төгс
Эрхэм журмын хамтран зүтгэгч хань болно.
Ц.Хулан
БИ ДУРГҮЙЦаг гозойж байхад би замд гарахгүй
Цангинатал хундага хага шиддэг орос зан би дургүй
Цайгий нь уучихаад, аягыг нь хөмрөхөд би дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй монгол занд би дургүй ээ
Үлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алахад би дургүй
Үхэлд ч автагүй баатар эрийг одонгоор дарж авахад би дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч, сайн хүн зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явбал бүр дургүй ээ
Цэргий дарга нар согтуу гуйвахад би зургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сураглахад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул, цагаан гартнуудад би дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш, матаас бичихэд бүр дургүй ээ
Доголон хүний дэргдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэр олны дунд гэлдрэх дургүй
Ядуусын дунд гангалах дургүй, тансаг найран дээр ганцардах дурггүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад ягаад ч юм дургүй ээ
Холоос айсуй морьтон гэнэт, өөр зүг давхихад дби дургүй
Холбиромтгой ааш, уян жаданд би дургүй
Нүүрнээс далдуур муу хэлэх
Нүдэн дээр минь гөлөг зодоход би дургүй ээ
Хэтэрхий халуу, хэтэрхий хүйтэнд би дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурхнаа нулимах, адыг өргөмжлөхөд би дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад би дургүй ээ....
Дургүй бүхнийг минь чи над үзүүлж ханалаа эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсийм
Цайгий нь уучихаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тан дээр ясаа тавина аа, Эх ороон...
Шүлгийн ертөнцөд тухлан саатна уу?
11:50 PM |
Labels:
Уран зохиол
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл үлдээнэ үү...:
Post a Comment